Испанийн музейгээс 4 минут хүрэхгүй хугацаанд 1.7 сая еврогийн эрдэнэс алдагджээ

Испанийн Аликанте мужийн Виллена хотын археологийн музейд хулгай орж, Хүрэл зэвсгийн үед хамаарах үнэт олдворууд алдагдсан байна. Үл мэдэгдэх этгээдүүд “Виллений эрдэнэсийн авдар” хэмээн нэрлэгддэг түүхэн цуглуулгаас 1.7 сая еврогоор үнэлэгдэх эд зүйлсийг дөрөв хүрэхгүй минутын дотор хулгайлжээ.

“Виллений эрдэнэсийн авдар” нь алт, мөнгө, төмөр, хув зэргээр хийсэн 50 гаруй гоёл чимэглэл, зүүлтээс бүрддэг ховор цуглуулга юм. МЭӨ 1000 оны үед хамаарах энэхүү олдвор нь Европын Хүрэл зэвсгийн үеийн алтан эдлэлийн хамгийн том цуглуулгуудын нэгт тооцогддог байна.

Виллена хотын дарга Фулхэнсио Серданы мэдээлснээр, музей шаардлагатай бүх хамгаалалтын системтэй байжээ. Хяналтын камерт хэд хэдэн хүн бичигдсэн бөгөөд гэмт этгээдүүд эхлээд гол хаалгаар нэвтрэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Үүний дараа тэд цонхоор орсон гэж үзэж байгаа аж.

Сонирхолтой нь, тус музейн цонхнууд бүрэн хамгаалалттай, сум нэвтэрдэггүй шилтэй байсан гэж хотын дарга онцолжээ. Гэсэн хэдий ч хулгайчид богино хугацаанд дотогш нэвтэрч, өндөр үнэлгээтэй түүхэн эд зүйлсийг авч явсан байна.

Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд Испанийн музейд гарсан гурав дахь хулгайн хэрэг болж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бадахосын археологийн музейгээс 144 алтан зоос алдагдсан бол долоодугаар сард Альбасетийн музейд хулгай орж, 200 гаруй зоос хулгайлагдсан хэрэг гарч байжээ.

Ийнхүү Испанийн музейнүүдэд дараалан гарч буй хулгайн хэргүүд соёлын өвийн хамгаалалт, музейн аюулгүй байдлын асуудлыг дахин хурцаар хөндөж байна. Харин Виллена хотын музейгээс алдагдсан Хүрэл зэвсгийн үеийн үнэт эд зүйлсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бололтой.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу