Монгол Улсын гадаад валютын албан нөөц түүхэндээ анх удаа 8.4 тэрбум ам.долларын босгыг давж, шинэ дээд түвшинд хүрчээ.
Энэ үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47.3 хувиар өссөн байна. Үүнээс ердөө сарын өмнө буюу наймдугаар сарын эхээр валютын нөөц 7.9 тэрбум ам.долларыг давж, тухайн үедээ мөн түүхэн дээд хэмжээнд хүрээд байсан юм.
Нөөц өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ
Гадаад валютын нөөц ийнхүү богино хугацаанд нэмэгдэхэд алтны худалдан авалт өссөн нь гол хүчин зүйлсийн нэг болсон байна.
Үүнээс гадна дотоодын арилжааны банкуудын гадаад эх үүсвэрээс татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэн, мөн Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын орлого өссөн нь валютын нөөцийг тэлэхэд нөлөөлжээ.
Сарын өмнө 7.9 тэрбум ам.долларт хүрч байв
Монгол Улсын гадаад валютын нөөц наймдугаар сарын эхээр түүхэндээ анх удаа 7.9 тэрбум ам.долларыг давсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Тухайн үед валютын нөөц сарын дүнгээр дөрвөн хувиар нэмэгдсэн бөгөөд энэ нь өмнөх саруудын өсөлттэй харьцуулахад дундаж түвшний үзүүлэлт байжээ.
Харин оны эхнээс тооцвол тухайн үед нийт өсөлт 13.67 хувьд хүрсэн байсан юм.
Ийнхүү нэг сарын дотор валютын нөөц дахин мэдэгдэхүйц нэмэгдэж, 8.4 тэрбум ам.долларын босгыг давснаар Монгол Улсын гадаад валютын нөөц шинэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.