Нарны эрчим хүчээр ажилладаг “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Тасганы овоо”-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад оржээ.

Энэхүү өртөө нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг гэдгээрээ онцлог юм. Мөн дэргэдээ худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй бөгөөд жишиг буюу тэргүүлэх загварын “Ногоон өртөө” болж байна.

Одоогоор улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа аж. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр нэмэлтээр нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх хүчин чадал бий болох юм.

Мөн цахилгаан автомашинд улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруй ногоон дугаар олгоод байгаа байна.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулах аж.

Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөгджээ. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломж нэмэгдэнэ.

Мөн орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих чухал дэд бүтэц бүрдэх юм.

Цаашид 150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгохоор төлөвлөж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу