Өнөөдөр дэлхий нийтээрээ Энх тайвны өдрийг тэмдэглэж байна

Жил бүрийн есдүгээр сарын 21-нд тохиодог Олон улсын Энх тайвны өдөр өнөөдөр дэлхий даяар тэмдэглэгдэж байна. Энэхүү өдрийг хүн төрөлхтөн энх тайван, хүчирхийлэлгүй нийгмийн үнэ цэнийг сануулах онцгой өдөр болгон тэмдэглэдэг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1981 онд Олон улсын Энх тайвны өдрийг анх бий болгож, энх тайвны үзэл санааг дэлхий нийтэд түгээн бэхжүүлэх зорилготой өдөр болгон зарласан юм.

Харин 2001 онд есдүгээр сарын 21-нийг дэлхий даяар хүчирхийллээс татгалзах, гал зогсоох өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна.

2026 оны уриа энх тайвныг өдөр тутмын амьдралтай холбожээ

2026 оны Олон улсын Энх тайвны өдрийг НҮБ “Invest in Peace: For Everyone, Everywhere, Every Day” буюу “Энх тайванд хөрөнгө оруулъя: Хүн бүрийн төлөө, хаа сайгүй, өдөр бүр” уриан дор тэмдэглэж байна.

Энэ жилийн гол санаа нь энх тайвныг зөвхөн дайн, зэвсэгт мөргөлдөөн байхгүй нөхцөл гэж ойлгохоос илүү өргөн хүрээнд авч үзэхэд чиглэжээ.

Тухайлбал хүмүүсийн аюулгүй байдал, нэр төр, тэгш боломж болон хамтын ажиллагааг өдөр тутмын амьдралд бий болгох нь энх тайвны чухал хэсэг гэдгийг онцолж байна.

НҮБ-ын “Энх тайвны хонх” энэ өдөр дуугардаг

Олон улсын Энх тайвны өдрийн нэгэн онцгой уламжлал нь New York дахь НҮБ-ын төв байранд байрладаг “Энх тайвны хонх”-ыг цохих ёслол юм.

Уг хонхыг 1952 онд дэлхийн 60 гаруй орны төлөөлөгчдөөс цуглуулсан зоосоор цутгасан бөгөөд 1954 онд НҮБ-д бэлэглэжээ.

Хонхыг бүтээхэд зөвхөн төр, байгууллагын төлөөлөгчид бус, олон орны иргэд, тэр дундаа хүүхдүүд ч зоос, медалиа хандивласан байна.

“Энх тайвны хонх” жил бүрийн есдүгээр сарын 21-нд дуугардаг бөгөөд НҮБ үүнийг дэлхийн улс орнуудын энх тайвны төлөөх нийтлэг хүсэл эрмэлзлийн бэлгэдэл хэмээн тодорхойлдог.

Дэлхий нийтэд хүчирхийллийг зогсоохыг уриалдаг өдөр

НҮБ энэ өдрийг тохиолдуулан улс орнууд, байгууллагууд болон иргэдийг зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хүчирхийллээс татгалзах, энх тайвны төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй нэгдэхийг уриалдаг.

Ийнхүү Олон улсын Энх тайвны өдөр нь жил бүр дэлхий нийтэд энх тайвны үнэ цэнэ, хамтын хариуцлагыг дахин сануулдаг өдөр болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу