Монголын мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангилалд түрүүлж, Монголын мото спортын түүхэнд шинэ амжилт бичлээ.
Марокко улсын Агадир хотод болсон Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаан өндөрлөсний дараа П.Мөрөн 2026 оны W2RC буюу ралли-рейдийн дэлхийн аваргын Rally3 ангиллын дэлхийн цомын аваргаар тодорсон байна.
Ингэснээр тэр Монгол Улсаас энэ төрлийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны тамирчин болжээ.
Монголын мото спортын түүхэнд анхны дэлхийн аварга
Ралли-рейд нь хэдэн өдрийн турш үргэлжилдэг, тамирчдын хурд, тэсвэр, навигацын ур чадварыг зэрэг сорьдог мото спортын төрөл юм.
Уралдаан нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замаар явагддаг бөгөөд тамирчид газрын зураг, навигацын төхөөрөмж ашиглан зөв чиглэлээ олж, хяналтын цэгүүдийг дамжин барианд хүрдэг онцлогтой.
П.Мөрөн дотоодын тэмцээнүүдэд ч тогтмол өндөр амжилт үзүүлж ирсэн бөгөөд Монголын раллигийн долоон удаагийн аварга тамирчин юм.
“Өнөөдөр би анхны алхмыг хийлээ”
Дэлхийн аваргын цомын эзэн болсон П.Мөрөн өөрийн цахим хуудсандаа сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэр:
“Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын мото спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт гэж бодож байна. Энэ амжилт энд хүрээд дуусах биш харин дараагийн монгол тамирчдад хүрэх гүүр болох юм. Цаашдаа Монголын олон залуус Rally3, Rally2, GP зэрэг дэлхийн дээд түвшний ангилалд өрсөлдөн медаль, цом хүртэх замыг нь нээж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр би анхны алхмыг хийлээ. Маргааш Монголын олон тамирчин дэлхийн тавцанд зогсоно гэдэгт итгэж байна. Монголын нэрийг дэлхийд дуурсгахын төлөө хамтдаа урагшаа. Тусалж дэмжсэн бүх албан байгуулага, хувь хүмүүс, гэр бүлдээ, найзууддаа маш их баярлалаа”
хэмээн бичсэн байна.
Гурван гараанд 61 оноо цуглуулжээ
П.Мөрөн 2026 оны “Дакар Ралли”-д амжилттай оролцсоныхоо дараа ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван гараанд хүч үзсэн байна.
Түүний энэ улирлын гол үр дүнгүүд:
- BP Rally Portugal — хүрэл медаль
- Desafío Ruta 40 — түрүү
- Rally du Maroc — мөнгөн медаль
Эдгээр гурван гараанаас П.Мөрөн нийт 61 оноо цуглуулж, улирлын нийлбэр дүнгээр Rally3 ангилалд тэргүүлжээ.
Ийнхүү тэр зөвхөн нэг гараанд амжилт гаргасан бус, дэлхийн аваргын улирлын турш тогтвортой өрсөлдөж, онооны нийлбэрээр аваргын цомыг хүртсэн байна.
Монголын дараагийн тамирчдад зам нээсэн амжилт
П.Мөрөнгийн энэ амжилт Монголын мото спортын хувьд шинэ түвшин тогтоолоо.
Тэр өөрийн мэдэгдэлдээ энэ түрүүг зөвхөн хувийн амжилт гэж харахгүй байгаагаа онцолж, цаашид Монголын олон залуу Rally3, Rally2, GP зэрэг олон улсын өндөр түвшний ангилалд өрсөлдөх боломжтой гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
2026 оны улиралд гурван гараанаас нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл авч, 61 оноогоор дэлхийн аварга болсон П.Мөрөн ийнхүү ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болж түүхэнд нэрээ үлдээлээ.