Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 1-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.
Уулзалтын үеэр хоёр улсын төмөр замын хамтын ажиллагаа, Улаанбаатар хотыг тойруулан шинээр барьж буй төмөр зам, мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.
Б.Дэлгэрсайхан: ОХУ-ын тал дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн
Уулзалтын үр дүнгийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тайлбар өгөхдөө төмөр замыг нийслэлийн төвөөс гаргах асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлснийг дурджээ.
Тэрээр:
“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны намар Москва хотод айлчлахдаа төмөр замыг хотоос гаргах нь зүйтэй гэсэн сэдвийг хөндөж байсан. Энэ түүхийг эргэж дурсаж ярилаа.
Үүнээс хойш 6-7 жил өнгөрлөө. Улаанбаатар хотын дундуур явж буй төмөр замыг хотоос гадуур гаргах ажлыг Монголын төмөр зам хийж дуусгасан. ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид хандаж тээврийн асуудлыг хотоос гадуур хийх нь чухал гэдгийг илэрхийлсэн. ОХУ-ын тал дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн” гэв.
127 км шинэ төмөр замын ажил 97 хувьд хүрчээ
Одоогоор “Монголын төмөр зам” компани Багахангай-Хөшгийн хөндий, Эмээлт, Шувуун фабрик чиглэлийн нийт 127 км төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.
Уг төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар гүйцэтгэл нь 97 гаруй хувьд хүрчээ.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дайран өнгөрдөг ачаа тээврийн урсгалын тодорхой хэсгийг нийслэлийн гадуур чиглүүлэх боломж бүрдэх юм.
Шинэ замыг “Улаанбаатар төмөр зам”-д үнэ төлбөргүй шилжүүлэхээр төлөвлөжээ
Зам, тээврийн яамнаас төслийн цаашдын зохицуулалтын талаар мөн мэдээлэл өгсөн байна.
Яамны зүгээс:
“Тус замыг Улаанбаатар төмөр зам буюу Монгол, Оросын хамтарсан төмөр замд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Үүний оронд Улаанбаатар хот дундуур явж буй төмөр замыг Монгол Улс өөртөө шилжүүлж аваад хуулна. Улаанбаатар хотыг нэвт дамжин өнгөрөх авто замаар тооцож энэ бүгдийг хийж байгаа.
Энэ төмөр замын зорилго бол Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангах, иргэдийн тав тухтай орчныг бий болгох юм. Улаанбаатар хотоор дамжин өнгөрч буй 34 төрлийн аюултай ачааг хот тойруулж гаргах зорилготой. Мөн дуу чимээг багасгаж, түгжрэлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой төсөл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд яригдаж хийсэн чухал төсөл” хэмээн мэдээлэл өглөө.
Нийслэлийн төвийн төмөр замыг буулгах боломж бүрдэхээр байна
Төслийн үндсэн зохицуулалтын дагуу шинээр баригдсан тойрог төмөр замыг Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-д шилжүүлэх юм байна.
Үүний хариуд одоо Улаанбаатар хотын төвөөр дайран өнгөрч буй төмөр замын хэсгийг Монгол Улсын мэдэлд шилжүүлэн авч, улмаар буулгахаар төлөвлөжээ.
Ингэснээр одоогийн төмөр замын зурвасыг нийслэлийн авто зам болон хот байгуулалтын бусад хэрэгцээнд ашиглах боломж нээгдэхээр байна.
Аюултай ачааг хотын гадуур тээвэрлэх зорилготой
Төслийн бас нэг гол зорилго нь Улаанбаатарын төвөөр дамжин өнгөрдөг аюултай ачааны тээврийг хотоос гаргах юм.
Зам, тээврийн яамны мэдээлснээр одоогоор 34 төрлийн аюултай ачаа нийслэлээр дамжин тээвэрлэгддэг бөгөөд шинэ тойрог төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ачааг хотын гадуур тээвэрлэх боломж бүрдэх аж.
Үүний зэрэгцээ төмөр замын хөдөлгөөнөөс үүдэлтэй дуу чимээг багасгаж, хотын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж тооцоолжээ.