Монголын сагсан бөмбөгч Шаравжамцын Энхийн-Од NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин болж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ амжилт бичлээ.
Энэ үйл явдлын талаар түүний аав, Монголын сагсан бөмбөгийн нэрт тоглогч Ц.Шаравжамц цахим хуудсаараа сэтгэгдлээ хуваалцаж, олон жил хүлээсэн мөч ирснийг онцолжээ.
Ц.Шаравжамц: Энэ өдрийг олон жил хүлээлээ
Тэрбээр хүүгийнхээ амжилтад баяртай байгаагаа илэрхийлж, “Энэ өдрийг мөн ч олон жил хүлээлээ дээ. NBA-тай албан ёсны гэрээ байгуулсан анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна аа. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав” хэмээн бичсэн байна.
Мөн Ш.Энхийн-Одыг цаашид G League-ийн багтаа өөрийн чадвараа харуулахыг хүсээд, гэр бүлийнх нь хувьд төдийгүй Монголын сагсан бөмбөгийн хүрээнийхний олон жилийн хүсэл биелж буйг тэмдэглэжээ.
“Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй, миний хүү. Аав нь, ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү” гэж Ц.Шаравжамц нийтэлсэн байна.
Монголын сагсан бөмбөгийн хувьд шинэ босго
Ш.Энхийн-Од NBA-ийн багтай гэрээ байгуулснаар Монголын тоглогчдын хувьд өмнө нь хүрч байгаагүй шинэ шатанд гарлаа. Түүний дараагийн алхам G League-д үргэлжилж, тэндээс NBA-ийн үндсэн бүрэлдэхүүнд хүрэх боломжийн төлөө өрсөлдөх юм.
Нэг зүйлийг тодруулахад, Ц.Шаравжамц нийтлэлдээ “10 хоногийн гэрээ” гэж дурдсан ч өмнөх мэдээллээр Ш.Энхийн-Од Exhibit 10 нөхцөлтэй гэрээ байгуулсан. Exhibit 10 нь NBA-ийн жинхэнэ 10-day contract-тай ижил гэрээ биш бөгөөд ихэвчлэн улирлын өмнөх бэлтгэл, G League болон Two-Way гэрээнд шилжих боломжтой холбоотой хэлбэр юм.
Ийнхүү Ш.Энхийн-Одын замнал Монголын сагсан бөмбөгчдөд NBA-ийн системд хүрэх бодит жишээг бий болгож байна.