Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд шинээр барьсан спорт цогцолборын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, улсын комисс ажилласны дараа байнгын ашиглалтад хүлээн авчээ.
Тус цогцолборын барилгын ажилд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналт тавьж ажилласан байна.
Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн иргэд тогтмол дасгал хөдөлгөөн хийх, төрөл бүрийн спортоор хичээллэх, чөлөөт цагаа идэвхтэй, зөв боловсон өнгөрүүлэх боломж илүү нэмэгдэхээр болжээ.
29.9 мянган ам метр талбайг хамарчээ
Шинэ цогцолбор нийт 29.9 мянган ам метр талбайг хамарсан бөгөөд гурван давхар үндсэн спортын барилга болон гадна тохижилтын иж бүрэн хэсгээс бүрдэж байна.
Үндсэн барилга нь олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын шаардлагад нийцсэн байдлаар төлөвлөгджээ.
Гадна талбайд хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай байгуулснаас гадна гүйлт болон дасгалын зам, хүүхдийн тоглоомын хэсэг, амралтын бүс, ногоон байгууламж, усан оргилуур зэргийг шийдсэн байна.
Мөн автомашины зогсоол, гадна гэрэлтүүлэг болон иргэдийн өдөр тутам ашиглах бусад тохижилтыг цогцоор нь хийжээ.
Нэгдүгээр давхарт фитнесс, бокс, ширээний теннисний заал байрлана
Спорт цогцолборын нэгдүгээр давхарт хэд хэдэн төрлийн спортоор хичээллэх зориулалттай хэсгүүдийг байгуулсан байна.
Тухайлбал ширээний теннисний заал, фитнессийн хэсэг, боксын заал байрлах бөгөөд тамирчид болон иргэдэд зориулсан хувцас солих, бэлтгэлийн өрөөнүүдийг давхар шийджээ.
Үүнээс гадна хурлын танхим, хоолны заал, агуулах болон өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бусад өрөөг байрлуулсан байна.
Хоёрдугаар давхарт олон зориулалтын том заалтай
Цогцолборын хоёрдугаар давхар спортын үндсэн үйл ажиллагаанд зориулсан томоохон хэсгүүдтэй.
Энд үндсэн сагсан бөмбөгийн заал байрлахаас гадна заалны хөлбөмбөг, волейбол болон бусад спортоор хичээллэх боломжтой олон зориулалтын заалыг байгуулжээ.
Мөн хананд авиралтын хэсгийг тусгайлан шийдсэн нь шинэ цогцолборын спортын төрлийг улам нэмэгдүүлж байна.
Гуравдугаар давхарт үзэгчдийн хэсгийг байрлуулжээ
Спорт цогцолборын гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камерын өрөө болон шүүгчийн зориулалтын хэсгүүдийг байгуулсан байна.
Түүнчлэн барилгын дээврийн тодорхой хэсгийг ашиглалтын зориулалтаар тохижуулжээ.
Ийнхүү Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд олон төрлийн спортын үйл ажиллагаа, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой шинэ цогцолбор ашиглалтад орж, дүүргийн иргэдийн дасгал хөдөлгөөн хийх орчин нэгээр нэмэгдлээ.