“Тунгалаг Тамир” мюзикл гурван хотод поп оркестртой тайзнаа хүрнэ

Монголын нэрт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг мюзикл хэлбэрээр шинэчлэн тайзнаа толилуулахаар болжээ. Энэхүү бүтээлийг анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж эхлүүлсэн боловч бүрэн дуусгаж амжилгүй өөд болсон бөгөөд түүний шавь, “Анир” поп оркестрын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг үргэлжлүүлэн бичиж дуусгасан байна.

Энэ удаад мюзиклийг поп оркестрын шинэ найруулгаар орчин үеийн хэв маягт хөрвүүлэн толилуулж байгаагаараа онцлог юм. Тоглолтыг Ц.Нацагдоржийн мэндэлсний 75 жилийн ой, мөн “Анир” рекордсын 25 жилийн ойд зориулан шинэчлэн бэлтгэжээ.

Хөгжмийн найруулгад Б.Алтанхуяг шинэ өнгө аяс оруулсан бөгөөд үзэгчдийн сэтгэлд хоногшсон уг бүтээлийг 4 дүгээр сарын 9, 10-нд Улаанбаатар хотын МҮЭСТО-ы тайзнаа тоглоно. Үүний дараа 4 дүгээр сарын 12-нд Дархан хотод, 13-нд Эрдэнэт хотод үргэлжлүүлэн хүргэхээр төлөвлөсөн байна.

Мюзиклд нийт 108 уран бүтээлч оролцож, хөгжимчид, оркестр, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд болон Архангай аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчид хамтран ажиллаж байгаа аж. Мөн тайз, гэрэлтүүлэг, дуу, техникийн арын албанд 50 гаруй хүн ажиллаж, бүтээлийг бүрэн хэмжээнд амилуулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу