Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг түрүү булчирхайн хорт хавдрыг илрүүлэх ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA SPECT/CT оношилгоог Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлсэн байна.
Энэхүү шинэ үеийн цөмийн оношилгооны арга нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдэд илүү өвөрмөц илэрдэг PSMA уурагтай холбогддог. Ингэснээр хавдрын голомт болон үсэрхийллийг илүү нарийвчлалтай дүрслэн илрүүлэх боломж бүрджээ.
Шинэ технологийг нэвтрүүлснээр түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоонд хэд хэдэн чухал давуу тал бий болж байна. Тухайлбал, хавдрын голомт болон үсэрхийллийг өндөр нарийвчлалтай илрүүлэх, өвчний үе шат, тархалтыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, оношилгооны үр дүнд үндэслэн эмчилгээний тактикийг илүү оновчтой төлөвлөх боломжтой юм.
Мөн харьцангуй бага өртөгтэй, хүртээмжтэй цөмийн оношилгооны аргыг эх орондоо ашиглах нөхцөл бүрдэж байна.
Үүнээс гадна энэхүү оношилгоо нь цаашид ¹⁷⁷Lu-PSMA radioligand therapy буюу радиолиганд эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Ийнхүү ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA SPECT/CT оношилгоог Монголд нутагшуулснаар түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментийг сайжруулах боломж нэмэгдэж байна. Мөн орчин үеийн цөмийн оношилгооны тусламж үйлчилгээг гадаад улс руу явахгүйгээр эх орондоо авах боломж өргөжихөөр болжээ.