Увс аймгийн долоон сумын нутаг дэвсгэрт хүрэн баавгай үзэгдэж, зарим тохиолдолд малчин өрхийн суурьшлын бүс рүү орсон мэдээлэл бүртгэгдсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх болон хяналтын ажлыг эрчимжүүлжээ.
Тодруулбал Түргэн, Сагил, Ховд, Бөхмөрөн, Тэс, Зүүнговь, Зүүнхангай суманд хүрэн баавгай харагдсан тухай мэдээлэл ирсэн байна.
Одоогоор хүн, малд хохирол учраагүй
Баавгайтай холбоотойгоор одоогоор хүн болон малд хохирол учирсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Гэсэн хэдий ч зэрлэг амьтан айл өрх, малчдын суурьшлын бүсэд орсон мэдээлэл гарсан тул иргэдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахад онцгой анхаарч байгаа аж.
Шуурхай ажлын баг байгуулжээ
Есдүгээр сарын 21-нд Увс аймгийн Засаг даргын захирамжаар шуурхай ажлын баг байгуулсан байна.
Тус баг хүрэн баавгайн байршил, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг шуурхай хүлээн авч нэгтгэхийн зэрэгцээ шаардлагатай бүсүүдэд хяналт тавьж байгаа юм байна.
Мөн сумдын холбогдох байгууллагуудын ажлын уялдааг хангаж, иргэд болон малчдад сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргүүлж эхэлжээ.
Цаашид авах арга хэмжээний талаар яаманд хүсэлт хүргүүлэв
Хэрэв хүрэн баавгай хүн, мал болон айл өрхийн ойролцоо давтамжтай үзэгдсээр байвал ямар арга хэмжээ авах, ямар зөвшөөрөл шаардлагатай талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд албан хүсэлт хүргүүлсэн байна.
Нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж, баавгайн хөдөлгөөний мэдээлэлд үндэслэн цаашдын арга хэмжээг тодорхойлох аж.
Баавгайтай таарвал ойртож, хөөж болохгүй
Аймгийн холбогдох байгууллагуудаас иргэд, малчдад баавгай үзэгдсэн тохиолдолд байршил, огноо, цаг болон ямар чиглэлд хөдөлсөн талаарх мэдээллийг сумын ЗДТГ, Байгаль орчны газар болон мэргэжлийн байгууллагад яаралтай хүргүүлэхийг зөвлөжээ.
Мөн баавгайд ойртох, араас нь дагах, хөөж туух болон айлгах оролдлого хийхгүй байхыг анхааруулсан байна.