18 жилийн хүлээлт төгслөө: Victoria Beckham-ийн бизнес анх удаа ашигтай ажиллав

Victoria Beckham-ийн хувцас загвар болон гоо сайхны бүтээгдэхүүний бизнес 2008 онд байгуулагдсанаасаа хойш анх удаа ашигтай ажилласнаа зарлажээ. Олон жилийн алдагдал, бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын дараа компани 2025 оныг эерэг санхүүгийн үзүүлэлттэй дуусгасан байна.

Spice Girls хамтлагийн гишүүн асан Victoria Beckham бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан захирлаар нь ажилладаг Victoria Beckham Holdings Ltd компанийн Даваа гарагт танилцуулсан санхүүгийн тайланд 2025 онд 7.5 сая фунт стерлингийн ашиг олсныг дурджээ.

“Бид бүгд ашиг орлого, өсөлтийн энэ мөчийг харахын төлөө удаан хугацаанд шаргуу ажилласан юм” гэж Financial Times сонинд хатагтай Бекхэм ярьжээ.

Тэрээр компанийнхаа олон жилийн өөрчлөлтийн талаар мөн:

“Бид бизнестээ тулгарч байсан асуудлуудын талаар маш ил тод байсан бол одоо боломжийн хурдаар өсөн нэмэгдэж байна. Хорин жилийн дараа л хүмүүс миний брэндийг хэн нэг алдартай хүний брэнд гэж үзэхээ больж байна” гэж тэр цааш нь ярьсан юм.

Netflix-ийн баримтат кино борлуулалтад нөлөөлсөн байж магадгүй

Өнгөрсөн онд Netflix Victoria Beckham-ийн бизнесийн замналын тухай баримтат киног үзэгчдэд хүргэсэн. Энэхүү бүтээл олон нийтийн анхаарлыг брэнд рүү дахин татаж, компанийн борлуулалтад тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

Шинээр гаргасан санхүүгийн тайлангаас харахад компанийн хувцас загварын салбарын борлуулалт 2025 оны турш хоёр оронтой хувийн өсөлт үзүүлжээ. Харин 2019 онд байгуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүний салбар нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойших “өнөөдрийг хүртэл хугацааны хамгийн хүчтэй өсөлт”-өө бүртгэсэн байна.

Тухайлбал “Foundation Drops” бүтээгдэхүүний амжилт арьс арчилгааны ангиллын борлуулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Мөн уг бүтээгдэхүүнийг худалдан авах хүлээлгийн жагсаалтад ойролцоогоор 25,000 хэрэглэгч бүртгэгдсэн байна.

David Beckham олон жилийн турш бизнесийг нь санхүүгээр дэмжжээ

Netflix-ийн баримтат кинонд Victoria Beckham-ийн бизнес өмнөх жилүүдэд олон арван сая фунт стерлингийн алдагдал хүлээж, нөхөр David Beckham нь санхүүгийн тусламж үзүүлж байсан тухай өгүүлдэг.

Сэр David Beckham тухайн үеийн нөхцөл байдлыг дурсахдаа:

“Тэр над дээр ирээд жаахан мөнгө хэрэгтэй байна…бидэнд арай илүү мөнгө хэрэгтэй байна…бизнест маань илүү их мөнгө хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Энэ байдал бид хоёрт хоёулд маань хэцүү байсан. Учир нь надад үүнийг удаан үргэлжлүүлэх мөнгө байгаагүй” гэж Сэр Дэвид Бекхэм ярьж байв.

Victoria Beckham ч нөхрийнхөө дэмжлэг бизнесээ үргэлжлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж:

“Тэр надад итгээгүй бол би одоог хүртэл бизнес эрхлэхгүй байх байсан” гэж нөхрийнхөө тусламжийн талаар ярьжээ.

2017 оны хөрөнгө оруулалт эргэлтийн цэг болов

Victoria Beckham 2017 онд компанийнхаа 30 хувийг NEO Investment Partners хөрөнгө оруулалтын санд худалдаж, 30 сая фунт стерлингийн хөрөнгө татсан байна. Үүний дараа компанийн бүтэц, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт хийж эхэлсэн нь эцэстээ өнөөгийн ашигтай ажиллагаанд хүрэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Олон жилийн турш хийгдсэн энэхүү шинэчлэл нь зардлын бүтэц, бизнесийн стратеги, бүтээгдэхүүний чиглэл болон олон улсын зах зээл дэх байр суурийг бэхжүүлэхэд төвлөрсөн байна.

Даваа гарагт 2025 оны санхүүгийн тайланг танилцуулах үеэр Victoria Beckham Holdings Ltd компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга David Belhassen:

“Хувцас загвар, гоо сайхны салбарын хоёр өсөлтийн хөдөлгүүр, улам бүр тэлж байгаа олон улсын хэрэглэгчдийн бааз, төвлөрсөн үйл ажиллагааны загвар нь манай бизнесийг ашигтай ажиллах дараагийн үе шатанд баттай шилжүүлж байна” гэж мэдэгджээ.

Компанийн гүйцэтгэх захирал Sybille Darricarrère Lunel мөн энэ үзүүлэлтийг брэндийн түүхэн амжилт гэж тодорхойлсон байна.

“Манай анхны ашигтай ажиллагаа нь Викториа Бекхэмийн хувьд түүхэн мөч бөгөөд олон жилийн сахилга баттай гүйцэтгэл, стратегийн хөрөнгө оруулалтын үр дүн. Тансаг хэрэглээний зах зээл, макро эдийн засаг хүнд сорилттой тулгараад буй энэ үед ийм үр дүн гаргасан нь бүр ч онцгой болгож байгаа юм” гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү 2008 онд байгуулагдсанаасаа хойш олон жилийн турш алдагдалтай ажилласан Victoria Beckham Holdings Ltd 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллаж, компанийн урт хугацааны бүтцийн өөрчлөлт болон хөрөнгө оруулалтын стратеги бодит үр дүнгээ өгч эхэлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу