Анак-Кракатау дахин хүчтэй дэлбэрч, Индонезын найман нисэх буудал хаагдлаа

Индонезын Анак-Кракатау галт уулын идэвхжил эрс нэмэгдэж, үнс нурам өндөрт цацагдсаны улмаас тус улсын найман нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ. Antara агентлагийн мэдээлснээр өмнө нь зургаан нисэх буудлыг хаагаад байсан бол нөхцөл байдал даамжирснаар хаалтын хүрээг өргөтгөсөн байна.

Хаагдсан нисэх буудлуудын дунд Жакарта хотын Сукарно-Хатта болон Халим Перданакусума нисэх онгоцны буудал багтжээ. Үүнээс гадна Лампунг муж, Бандунг, Куруго, Өмнөд Тангеранг, Песисир Барат, Пагар Алам дүүргийн нисэх буудлуудаас хийх нислэгүүдийг мөн түр зогсоосон байна.

Үнс, утаа 15 мянга гаруй метрийн өндөрт хүрчээ

Анак-Кракатау галт уул өнгөрсөн баасан гарагийн оройноос идэвхтэй дэлбэрч эхэлсэн бөгөөд тогооноос нь лав оргилж, үнс, утааны багана 15 мянга гаруй метрийн өндөрт хүрчээ.

Индонезын Цаг уурын албаны мэдээлснээр дэлбэрэлтийн нүргээн 700 км хүртэлх зайд сонсогдсон байна.

Одоогоор галт уулын дэлбэрэлттэй холбоотойгоор хүний амь эрсэдсэн, гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирээгүй байна.

Аюулын түвшнийг өмнө нь гуравдугаар зэрэгт хүргэж байжээ

Анак-Кракатау долоодугаар сараас идэвхжиж эхлэх үед Индонезын эрх баригчид галт уулын аюулын түвшнийг дөрвөн шатлалын гуравдугаар түвшинд хүргэсэн байжээ.

Одоогийн дэлбэрэлттэй холбоотойгоор нислэгийн аюулгүй байдалд хамгийн их эрсдэл үүсэж байгаа тул галт уулын үнсний тархалтыг тогтмол хянаж байна.

Үнс нурам нь нисэх онгоцны хөдөлгүүр болон навигацийн системд аюул учруулж болзошгүй тул нисэх буудлуудын үйл ажиллагааг түр хаах нь зайлшгүй арга хэмжээ гэж үзэж байгаа юм.

Кракатаугийн түүх олон том гамшигтай холбоотой

Анак-Кракатау нь 1883 онд асар хүчтэй дэлбэрсэн Кракатау галт уулын бүсэд үүссэн шинэ галт уул юм.

1883 оны Кракатаугийн дэлбэрэлтийн улмаас 36 мянга орчим хүн амиа алдсан бөгөөд энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан галт уулын гамшгуудын нэг болсон байна.

Харин 1927 онд уг бүсэд шинэ галт уул үүсэж эхэлсэн бөгөөд түүнийг Анак-Кракатау буюу “Кракатаугийн хүү” хэмээн нэрлэжээ. Тус галт уул өнөөг хүртэл идэвхтэй хэвээр байна.

2018 онд цунами үүсгэж, 430 гаруй хүний аминд хүрч байв

2018 оны арванхоёрдугаар сард Анак-Кракатаугийн нэг хэсэг нурж, далайд их хэмжээний хөрс, чулуу орсноор цунами үүсэж байжээ.

Тухайн гамшгийн улмаас 430 гаруй хүн амиа алдаж, 14 мянга орчим хүн гэмтэж бэртсэн байна.

Иймээс Анак-Кракатаугийн одоогийн идэвхжил Индонезын эрх баригчдын анхаарлын төвд байгаа бөгөөд нислэгийн аюулгүй байдал, галт уулын үнсний тархалт, далайн эргийн бүсийн эрсдэлийг тасралтгүй хянаж байгаа аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу