Монголын 20 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний “I” хэсэгт хоёр тоглолт дараалан ялалт байгуулж, хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Манай залуус эхний тоглолтдоо Умард Марианы Арлуудын шигшээг 7:0 харьцаатай бут ниргэсэн бол хоёр дахь тоглолтдоо Гуамын багийг 3:0-ээр итгэл төгс буулган авчээ.
Гуамын хаалганд гурван гоол оруулав
Гуамын эсрэг тоглолтод Монголын багаас:
- Н.Эрдэнэбаатар — 16 дахь минут
- Жэйсон Ёндонжамц — 34 дэх минут
- Б.Хабул — 66 дахь минут
гоол оруулсан байна.
Япон улсаас ирж шигшээ багтаа нэгдсэн Н.Эрдэнэбаатар хоёр тоглолт дараалан багийнхаа эхний гоолыг оруулснаараа онцгойрчээ. Тэрээр хоёр тоглолтод хоёуланд нь торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн байна.
Гуамын эсрэг тоглолтыг 1,724 үзэгч цэнгэлдэхэд хүрэлцэн ирж, Монголын залуучуудын шигшээг дэмжжээ.
Марко Ражини 4-4-2 хувилбарыг сонгов
Монголын багийн дасгалжуулагч Марко Ражини энэ тоглолтод тактикийн зохион байгуулалтаа өөрчилж, 4-4-2 хувилбараар тоглуулсан нь үр дүнгээ өгсөн байна.
Манай баг хамгаалалтаа нягт зохион байгуулж, бөмбөг эзэмшилтээс хурдан довтолгоонд шилжихийн зэрэгцээ гүнээс өгсөн алсын дамжуулалтаар өрсөлдөгчийн хамгаалалтыг сэтлэхийг зорьжээ.
Дасгалжуулагч тоглолтын дараа:
“Миний хөлбөмбөгийн боловсролоо эзэмшсэн Итали улсад эхлээд гоол алдахгүй байх нь чухал. Гоол оруулах бол дараагийн зорилго байдаг. Манай баг тоглолтоос тоглолтод дэвшил гаргаж байна. Тактик сайн хэрэгжиж, хүссэн үр дүнгээ авлаа. Тэднээр бахархаж байна” гэсэн юм.
Хоёр тоглолт, 10 гоол, хаалгандаа нэг ч гоол алдаагүй
Монголын U20 шигшээ “I” хэсэгт хоёр тоглолт хийхдээ нийт 10 гоол оруулж, хаалгандаа нэг ч гоол алдаагүй гайхалтай үзүүлэлттэй хэсгээ тэргүүллээ.
Эхний тоглолтын 7:0, дараагийн тоглолтын 3:0 гэсэн хоёр том ялалт Монголын багт хэсгийн тэргүүн байр болон дараагийн шатны эрхийг авчирсан байна.
Ингэснээр Монголын залуучуудын шигшээ 2029 оны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ баталгаажуулжээ.