Азийн V пара наадамд оролцох Монголын багийн төрийн далбаа мандуулах ёслол өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 16-нд Япон улсын Нагоя хотын тамирчдын хотхонд боллоо.
Наадмын зохион байгуулагчид оролцогч орнуудын баг тамирчдыг албан ёсоор угтан авч, төрийн далбааг нь мандуулдаг уламжлалтай. Энэ удаагийн ёслолоор Монгол Улсын багийн хамт Афганистан, Малайзын төлөөлөгчдийг хүлээн авчээ.
Монгол Улс Азийн V пара наадамд спортын 10 төрөлд нийт 44 тамирчин, нэг хөтөч тамирчны хамт оролцох юм. Харин наадамд Азийн 45 орны 4000 орчим тамирчин хүрэлцэн ирж, спортын 18 төрөлд медалийн төлөө хүч сорихоор байна.
Монголын багийн тэмцээн ширээний теннисээр эхэлнэ
Төрийн далбаа мандуулах ёслолд Монголын багийн ахлагч Ц.Одонбаяр, ажлын хэсгийн ахлагч Ж.Тунгалаг, штабын ажилтнууд Б.Нямсүрэн, О.Анударь, хэвлэлийн төлөөлөгч Д.Батжаргал болон тамирчдын төлөөлөл оролцжээ.
Монголын багийн хувьд тэмцээний салхийг пара ширээний теннисний тамирчин П.Мягмарцогт хагалах хуваарьтай байна.
Ийнхүү Нагоя хотод Монголын төрийн далбаа албан ёсоор мандаж, Азийн шилдэг пара тамирчидтай өрсөлдөх манай багийн тэмцээний өдрүүд эхэлж байна.