Монголын сагсан бөмбөгийн дээд лигт NBA-д тоглож байсан бас нэгэн нэртэй легионер ирэхээр болжээ. 2017 оны NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн 21 дэх сонголт Терранс Фэргюсон “СҮА ТЛЖ Түшиг багана” багийн бүрэлдэхүүнд нэгдэн Монголд тоглохоор болсон байна.
Өдгөө 28 настай, 198 см өндөр Фэргюсон NBA-ийн карьераа Оклахома Сити Тандер багт эхлүүлсэн. Тэрээр 2017-2020 оны хооронд тус багийн төлөө тоглож, дараа нь 2020-2021 оны улиралд Филадельфи 76 багийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.
NBA-д өнгөрүүлсэн хугацаандаа Терранс Фэргюсон нийт 204 тоглолтод оролцсон бөгөөд үүнээс 124 тоглолтыг гарааны тавд эхлүүлсэн байна. Ийнхүү NBA-ийн туршлагатай тоглогч Монголын дээд лигт ирэх болсон нь энэ улирлын өрсөлдөөнийг улам сонирхолтой болгох төлөвтэй байна.
“СҮА ТЛЖ Түшиг багана” хүчээ зузаатгав
Терранс Фэргюсон залуу насандаа NBA-д тоглож, өндөр түвшний өрсөлдөөнд олон улирлын турш туршлага хуримтлуулсан тоглогч. Түүний хурд, биеийн хүч, хамгаалалт болон гадна шидэлт Монголын лигт багийнхаа тоглолтод томоохон нэмэр болох боломжтой.
“СҮА ТЛЖ Түшиг багана” багийн дасгалжуулагч С.Тулга шинэ тоглогчийн талаар өөрийн цахим хуудсандаа:
“Залуу 28 настай эд Соёолон насны морь шиг залуухан мэргэжилийн тоглогч анх удаа ирэх гэж байна. Удахгүй маш гоё мэдээ дахиад дуулгана. Манай баг гурван импорт тоглогчтой багуудад ялагдаж зарим нэгэн хүмүүсийг хэдэн өдөр баярлуулчихлаа. Манай багийн хөгжөөн дэмжигч болж хамтдаа байгаарай”
гэжээ.
Түүний энэхүү мэдэгдлээс харахад багийн бүрэлдэхүүнд цаашид ч өөрчлөлт орж, шинэ тоглогчтой холбоотой нэмэлт мэдээлэл гарах боломжтой байна.
Терранс Фэргюсон Монголд ирснээр дээд лигийн импорт тоглогчдын өрсөлдөөн улам ширүүсэх бөгөөд NBA-ийн 200 гаруй тоглолтын туршлагатай сагсан бөмбөгч Монголын талбайд ямар тоглолт үзүүлэх нь хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд орох нь дамжиггүй.