NBA-ийн найман удаагийн Бүх оддын тоглогч, 2020 оны аварга Dwight Howard өнөөдөр Монголд хүрэлцэн ирэхээр болжээ.
Тэрээр Азийн аялан тоглолтынхоо эхний зогсоолоор Монгол Улсыг сонгосноо өөрийн цахим хуудсаар мэдээлсэн байна. Dwight Howard есдүгээр сарын 9-нд Улаанбаатар хотын M Bank Arena-д болох үзүүлэх тоглолтод оролцох юм.
18 улирал NBA-д тоглосон домогт төвийн тоглогч
40 настай Dwight Howard NBA-д нийт 18 улирал тоглож, карьерынхаа турш Orlando Magic, Los Angeles Lakers зэрэг нийт долоон багийн өмсгөлтэй талбайд гарчээ.
Тэрээр 2020 онд NBA-ийн аварга болж, мөн найман удаа Бүх оддын тоглолтод сонгогдсон амжилттай. Харин 2025 онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд албан ёсоор элссэн байна.
15 жилийн дараа Монголд дахин хөл тавина
Dwight Howard өмнө нь 2011 онд Монгол Улсад ирж байсан бөгөөд ийнхүү 15 жилийн дараа дахин хүрэлцэн ирж байгаа юм.
Тэрээр Монголд дахин ирэх гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ удаагийн айлчлал нь Азийн аяллынх нь эхлэл болж байна.
Есдүгээр сарын 9-нд болох үзүүлэх тоглолтод NBA-ийн олон жилийн туршлагатай, дэлхийд танигдсан тоглогчийг Монголын сагсан бөмбөг сонирхогчид дэргэдээс нь харах боломжтой болох нь энэ айлчлалын гол онцлог болж байна.