Монгол Улс энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг өмнөх жилүүдээс эрт эхлүүлж байна. “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах вакцинжуулалтын нээлтийн ажиллагаа 2026 оны есдүгээр сарын 3-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд болжээ.
Дархлаажуулалтыг улсын хэмжээнд есдүгээр сарын 4-нөөс эхлүүлэх бөгөөд томуугийн ид дэгдэлтээс өмнө эрсдэлт бүлгийн иргэдэд дархлаа тогтоохыг зорьж байна.
Э.Батшугар: Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаа тогтоох нь чухал
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар вакцинжуулалтыг энэ жил эрт эхлүүлж байгаа шалтгааны талаар:
“Манай улсад томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлж, нэг, хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаа тогтоох юм” гэлээ.
Ингэснээр халдварын тархалт эрчимжихээс өмнө эрсдэл өндөртэй иргэдийг хамгаалах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Энэ жил 500 мянган тун вакцин ашиглана
Монгол Улсын Засгийн газар 2025 онд улирлын томуугийн эсрэг 300 мянган хүн тун вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулжээ.
Харин энэ жил вакцины хэмжээг 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулах боломж бүрдсэн гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг сонгосон байна. Вакциныг Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ.
Хэн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах вэ
Улирлын томуугийн эсрэг вакциныг дараах зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийх юм.
- зургаан сартайгаас зургаан нас хүртэлх хүүхэд;
- жирэмсэн эмэгтэй;
- 65 болон түүнээс дээш насны ахмад настан;
- архаг хууч өвчтэй иргэд.
Эдгээр бүлгийн хүмүүс томуугийн хүндрэлд өртөх эрсдэл өндөр байдаг тул дархлаажуулалтад түлхүү хамруулах бодлого баримталж байна.
Хүүхдийг вакцинд хамруулах нь эмнэлэгт хандах эрсдэлийг бууруулжээ
Монгол Улсад 2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1-5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулахад халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан үр дүн гарсан байна.
Иймээс томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалт хийх нь ялангуяа бага насны хүүхэд болон бусад эрсдэлт бүлгийн хүмүүсийг өвчлөл, хүндрэлээс хамгаалахад чухал гэж үзжээ.
Улсын хэмжээнд 600 гаруй нэгжид вакцин хийнэ
2026 оны есдүгээр сарын 4-нөөс эхлэн улсын хэмжээнд эрүүл мэндийн 600 гаруй нэгжид томуугийн эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулна.
Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, өөрийгөө төдийгүй гэр бүл, хүүхэд, ахмад настнуудаа томуугийн халдвар болон хүндрэлээс хамгаалахыг уриалжээ.