Улаанбаатар анхны шөнийн марафоноо зохион байгуулна: Гэрэл, хөгжим, гүйлт нэг дор

Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-ны Бямба гарагт анх удаа шөнийн марафон зохион байгуулахаар болжээ. Нар жаргасны дараах хотын уур амьсгалыг спорт, хөгжим, соёлын хөтөлбөртэй хослуулах уг арга хэмжээнд оролцогчдын бүртгэл эхэлсэн байна.

Шөнийн марафон нь ихэвчлэн 20:00-00:00 цагийн хооронд болдог гүйлтийн фестиваль бөгөөд нийслэлд энэ төрлийн арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна.

5, 10, 21 км-ийн төрлөөр уралдана

Марафоныг 5 км, 10 км болон 21 км-ийн зайд зохион байгуулах бөгөөд 16 болон түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой байна.

Бүртгэлийн хураамж нь сонгосон зай болон ангиллаас хамаарч 29 мянгаас 100 мянган төгрөгийн хооронд байх аж.

Ингэснээр мэргэжлийн тамирчдаас гадна сонирхогч гүйгчид ч өөрийн боломжид тохирсон зайг сонгон оролцох боломжтой болж байна.

Гүйлтээс гадна амьд тоглолт, DJ үзүүлбэр болно

Шөнийн марафоны үеэр зөвхөн авто замын гүйлт зохион байгуулаад зогсохгүй хотын гэрэл, хөгжим, соёлын хөтөлбөрийг хамтатгахаар төлөвлөжээ.

Арга хэмжээний хүрээнд амьд тоглолт, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулах юм.

Ингэснээр марафон нь энгийн спортын тэмцээнээс илүү хотын шөнийн амьдрал, олон нийтийн оролцоог нэг дор хослуулсан фестиваль хэлбэртэй болох төлөвтэй байна.

Нийслэлийн ЗДТГ ерөнхий зохион байгуулагчаар ажиллана

Улаанбаатар хотын анхны шөнийн марафоны ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажиллах юм.

Оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 26-ны орой нийслэлийн төвд шөнийн гүйлтийн онцгой уур амьсгал бүрдэхээр байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу