Улаанбуудайн үнэ 11 хувиар өсөв: Талх, нарийн боовны үнэ дагаж нэмэгдэх эрсдэлтэй

2026 оны эхний саруудаас мах, шатахууны үнэ нэмэгдэж, хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг өссөн. Үүн дээр АИ-92 бензиний үнэ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйл нөлөөлж, инфляц оны эхэн үеэс 13 хувь орчимд хүрээд байна.

Энэ нөхцөлд Засгийн газар стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 2026 оны шинэ ургацын улаанбуудайг худалдан авах үнийг дахин шинэчлэн тогтоожээ. Үнийн тооцооллыг ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон мэргэжлийн холбоод хамтран хийж, 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн өртгийн судалгаанд тулгуурласан байна.

2026 оны улаанбуудайн үнэ өнгөрсөн оноос дунджаар 11 хувиар нэмэгджээ

Шинэ ургацын улаанбуудайн худалдан авах үнийг 2026 онд дараах байдлаар тогтоосон байна:

  • 1-р зэрэг — тонн тутамд 1,450,000 төгрөг
  • 2-р зэрэг — тонн тутамд 1,350,000 төгрөг
  • 3-р зэрэг — тонн тутамд 1,250,000 төгрөг
  • 4-р зэрэг — тонн тутамд 1,150,000 төгрөг

Харин 2025 онд:

  • 1-р зэрэг — тонн тутамд 1,320,000 төгрөг
  • 2-р зэрэг — тонн тутамд 1,220,000 төгрөг
  • 3-р зэрэг — тонн тутамд 1,150,000 төгрөг
  • 4-р зэрэг — тонн тутамд 1,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч байжээ.

Ингэснээр 2026 оны худалдан авах үнэ өмнөх жилээс дунджаар 11 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд нэг кг улаанбуудайн үнэ 1,000-1,320 төгрөгийн хооронд байсан бол энэ онд 1,150-1,450 төгрөгт хүрчээ.

Гурилын үнэ нэмэгдвэл талх, нарийн боовны үнэ дагаж өснө

Улаанбуудайн үнэ нэмэгдэх нь гурилын үйлдвэрлэлийн үндсэн өртөгт шууд нөлөөлнө. Харин гурил нь талх, нарийн боовны гол түүхий эд учраас энэ өсөлт эцсийн бүтээгдэхүүний үнэд шингэх магадлалтай.

Албаныхны мэдээлснээр шинэ ургацын улаанбуудайг есдүгээр сарын 15-20-ны хооронд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж эхлэх төлөвтэй байна. Тэр үед гурилын үнэ хэр хэмжээгээр өөрчлөгдөхөөс шалтгаалан талх, нарийн боовны үнийн дараагийн хөдөлгөөн илүү тодорхой болох юм.

Үйлдвэрлэгчид өртгийн өсөлтийг анхааралтай тооцож байна

Улаанбуудайн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байр сууриа илэрхийлжээ.

“Атар Өргөө” ХК:

“Манайх бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барих, аль болох нэмэхгүй байхыг зорьдог. Энэ жилийн Улаанбуудайн үнэ өнгөрсөн жилийнхээс 11 хувиар өссөн. Улмаар шинэ ургацын гурил авч эхлэх, мөн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн өртгөө тооцож үзнэ. Өртөг алдагдалтай гарах нөхцөл үүсвэл бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр аргагүй.”

“Талх Чихэр” ХК:

“Улаанбуудайн үнэ өнгөрсөн оноос өссөн байна. Үүнтэй холбоотойгоор гурилын үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Талх нарийн боовны гол түүхий эд гурил. Гурил үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс үнийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл ирж эхэлсэн.”

“Өв Соёл” ХХК:

“Шинэ ургацынулаанбуудайн худалдан авах үнэ өнгөрсөн оноос өссөн талаарх мэдээллийг авсан. Гурилан бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийн үнэ нэмэгдсэнм нь үйлдвэрлэлийн өртөгт нөлөөлөх нөхцөл үүсгэж байна.”

Харин “Өгөөж Чихэр боов” ХХК есдүгээр сарын 1-нээс нэрийн бүтээгдэхүүнийхээ үнийг 200-300 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Өрхийн зардал сард 12 мянга гаруй төгрөгөөр нэмэгдэж болзошгүй

Хэрэв улаанбуудайн 11 хувийн өсөлт гурилан бүтээгдэхүүний үнэд шууд тусвал хэрэглэгчдийн зардал ч мөн өсөх хүлээлттэй байна.

Жишээлбэл, “Талх Чихэр” ХК-ийн “Атар” талхны одоогийн үнэ 2,700 төгрөг. Үүнийг 11 хувиар өсгөвөл 2,997 төгрөг болж, нэг талхны үнэ 297 төгрөгөөр нэмэгдэнэ.

“Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн жимстэй боов одоо 7,000 төгрөгийн үнэтэй. 11 хувийн өсөлт тооцвол 7,770 төгрөг болж, 770 төгрөгөөр нэмэгдэх юм.

Нэг өрх сард 15 ширхэг талх, 10 ширхэг нарийн боов худалдан авдаг гэж тооцвол сарын нийт зардал 110,500 төгрөгөөс 122,655 төгрөг болж өснө.

Өөрөөр хэлбэл нэг өрхийн сарын нэмэлт ачаалал 12,155 төгрөг болох тооцоо гарч байна. Жилийн дүнгээр энэ нь ойролцоогоор 147,886 төгрөгийн нэмэлт зардал юм.

Улаанбаатарын хэмжээнд сар бүр 6 тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсэх тооцоо гарчээ

Нэг өрхийн сарын нэмэлт зардлыг 12,155 төгрөг гэж үзвэл Улаанбаатар хотын 495 мянган өрхийн хэмжээнд сар бүр ойролцоогоор 6.02 тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсэхээр байна.

Харин Монгол Улсын хэмжээнд нэг сая өрхөөр тооцвол сар бүр 12.16 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарч болзошгүй.

Жилийн дүнгээр Улаанбаатар хотод 73.2 тэрбум төгрөг, улсын хэмжээнд 147.89 тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал бий болох тооцоо гарчээ.

Өрхийн орлогод эзлэх хүнсний зардлын хувь өсөж магадгүй

ҮСХ-ны 2025 оны I улирлын мэдээллээр нэг өрхийн сарын дундаж орлого 2,817,600 төгрөг байна.

Одоогийн байдлаар дээрх талх, нарийн боовны сарын зардал өрхийн орлогын 3.92 хувийг эзэлж байгаа бол 11 хувийн өсөлтийн дараа 4.35 хувь болж нэмэгдэхээр байна.

Ингэснээр өрхийн төсөвт учрах нэмэлт ачаалал 0.43 нэгж хувиар өсөх тооцоо гарчээ.

Улаанбуудайн худалдан авах шинэ үнэ гурилын үйлдвэрүүдэд бодитоор хэрхэн нөлөөлөх, үйлдвэрлэгчид өртгийн өсөлтөө бүтээгдэхүүний үнэд хэр хэмжээгээр шингээхээс хэрэглэгчдийн төлөх эцсийн үнэ шалтгаалах юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу