Философич С.Молор-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр түүнийг цагдан хорих өмнөх шийдвэр хэвээр үлдэж, үлдсэн 24 хоногийн хугацаанд үргэлжлүүлэн хорихоор болсон байна.
Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүх С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг есдүгээр сарын 8-ны өдөр хэлэлцээд ийнхүү шийдвэрлэжээ.
Өмгөөлөгчид таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан
С.Молор-Эрдэнийг 2026 оны есдүгээр сарын 2-нд нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гарсан байна.
Уг шийдвэрийг түүний өмгөөлөгчид эсэргүүцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт шүүхэд хүргүүлжээ. Хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал есдүгээр сарын 8-ны 14:00 цагт товлогдон болсон байна.
Шүүх өмгөөлөгчдийн гомдлыг хэлэлцсэний дараа өмнөх захирамжийг хэвээр үлдээж, суллуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.
“Үндэсний эв нэгдлийг бусниулах” хэрэгт яллагдагчаар татсан байна
Шүүхээс гаргасан мэдээлэлд С.Молор-Эрдэнийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэжээ.
Прокурорын байгууллагаас түүнийг оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй гэж үзэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Шүүхээс энэ талаар:
“ Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “…оргон зайлах, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлжээ. Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд, 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/006161 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.
Ингэснээр С.Молор-Эрдэнийг цагдан хорих есдүгээр сарын 2-ны өдрийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдсэн байна. Түүний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй бөгөөд одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.